Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2023.12.19) хуралдаан 10 цаг 58 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.
Эхлээд Засгийн газраас 2023 оны арван нэгдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулсан.
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.10-т “хүнсний аюулгүй байдал” нь Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж заасан ба ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын асуудал нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн гол үйл ажиллагаа хэмээн төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд дурдав. Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний 65 хувийг ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг тул ургамлын эрүүл мэндийн асуудал нь нэн чухал гэж үзсэн байна. Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хэлэлцэж буй хуулийн төслийн талаар тусгасныг Х.Болорчулуун сайд танилцууллаа.

Ургамал хамгааллын тухай хуулийг анх 1996 онд баталж, 2007 онд шинэчилэн найруулж, өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа юм. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллагуудын бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг голлон зохицуулсан ч ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалахад чиглэсэн зохицуулалт хангалтгүй гэж төсөл санаачлагч үзжээ.
Ургамал хамгааллын тухай хуулийг шинэчилэн найруулж, мөрдөж эхэлснээс нэг жилийн дараа буюу 2008 онд Монгол Улс Ургамал хамгааллын олон улсын конвенцод нэгдэн орсон байна. Энэхүү конвенцын стратегийн зорилтод “Хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх замаар тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” асуудлыг тусгасан байдаг. Тиймээс Монгол Улс гишүүн орны хувьд ургамал хамгааллын салбарын хууль тогтоомжийг тус конвенцын зарчим, үзэл санаанд нийцүүлэх шаардлага үүссэн байна.
Түүнчлэн Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш 15 жилийн хугацаанд хуулийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа зөрчил, дутагдлыг арилгах, нөгөө талаар байгаль орчин, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдан хөдөө аж ахуйн салбарын хамрах хүрээг тэлж, ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, олон улсын худалдаа нэмэгдсэнтэй холбогдуулан ургамал хамгааллын үйл ажиллагааг боловсронгуй болгоход нэн тэргүүнд даган мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь чухал хэмээн Х.Болорчулуун сайд танилцуулав.
Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах, худалдааг дэмжих, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилго бүхий хуулийн төсөл нь 4 бүлэг, 28 зүйлээс бүрдэж байгаа аж.
